Улс хоорондын ачаа тээвэрлэх процессыг агаарын, далайн, төмөр замын болон авто тээвэр гэж ангилдаг. Өнөөдөр та бүхэнд авто тээвэр, түүний давуу талуудыг тайлбарлана. Авто тээвэр нь бусад тээврийн аргуудаас ялгарах хэд хэдэн давуу талтай бөгөөд Европын орнуудад өргөн хэрэглэгддэг. Юуны өмнө хамгийн давуу үйлчилгээ нь зөвхөн авто тээврийн үед сонгож болох хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ юм. Авто тээврийн үед ачааг шилжүүлэн ачих тусгай тоног төхөөрөмж шаардлагагүй, зөвхөн нэг машинаараа л тээвэрлэлтийг дуусгаж болно. Харин бусад тээврийн хувьд бүх газарт хүрэх боломжгүй бөгөөд ачааг шилжүүлэн ачих процесс зайлшгүй шаардлагатай тул тээвэрлэх үйл явц бага зэрэг төвөгтэй болдог. Мөн тэдгээр аргууд нь төмөр зам, усан боомт, онгоцны буудал, кран гэх зэрэг тусгай дэд бүтэц, тоног төхөөрөмжүүдийг шаарддаг бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог.
Авто тээвэр нь төмөр замын болон далайн тээвэртэй харьцуулбал хавьгүй хурдан тээвэр юм. Агаарын тээвэр мэдээж хамгийн хурдан нь боловч онгоцны буудал дээр цаг их авдаг, ачих явцад ерөнхий үйл явц удааширдаг гэдгийг мартаж болохгүй.
Мөн авто тээвэр нь таны ачааг хамгийн найдвартай тээвэрлэх сонголт юм. Цаг агаарын байдал авто тээврээс илүү далайн болон агаарын тээвэрт сөргөөр нөлөөлдөг. Одоогийн байдлаар авто тээвэрт учрах том саад бэрхшээл харагдахгүй байна. Мэдээж хэрэг үнэ бол тээвэрлэлтийн нэг асуудал байсаар ирсэн. Авто тээврийн үнэ замынхаа уртаас шалтгаалж өөр өөр байдаг.
Европ орнуудад ихэвчлэн авто тээврийг сонгодог шалтгаан нь тээвэрлэлтийн хугацаа болон үнэ бага байдагтай холбоотой. Хэрвээ цааш нь тээвэрлэх бол бусад тээвэртэй хослуулсан аргыг сонгож болно. Ачааны машины чиргүүл даац болон зай сайтай буюу 24 тонн хүртэл жинтэй эсвэл 120 м3 хүртэл овортой ачааг ачиж чадна. Хэрвээ та жин болон овор багатай ачаа тээвэрлүүлэхээр бол авто тээвэр нь хамгийн хямд бөгөөд цаг хэмнэх тээвэр юм. Тэгэхээр та одоо ачаагаа тээвэрлэхдээ дээр дурдсан давуу талуудыг харгалзан үзэж авто тээврийг сонгон ашиглаж болно.